Xstory

Мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр 1.3 сая долларыг бэлнээр авсан байж болзошгүй

Admin
Админ
2026/03/23
43
Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр 1.3 сая долларыг бэлнээр авсан байж болзошгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг шалгуулахаар өнөөдөр (2026.03.23)Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаснаа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь"-иос хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр өнөөдөр АТГ-т хүрэлцэн ирлээ.

Энд ирсэн миний гол зорилго нэг. Тэр хүрээндээ асуудлыг хөндөж ярихыг хүсэж байна. Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.

Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно.

Нүүрсний хулгай, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц хэзээнээс эхэлсэн талаар та бүхэн санаж байгаа байх. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдоод удаагүй байсан юм. Валютын нөөц яагаад буурсан шалтгааныг тодруулах хүрээнд Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 362 дугаар тогтоол баталж, олон нийтэд мэдээлэл өгөх асуудлыг хэлэлцсэн.

Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ачигдаж буй нүүрсний дийлэнх нь "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан, өөрөөр хэлбэл нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байгаа боловч валютын орлого бодитоор орж ирэхгүй байгаа асуудал үүссэн.

Үүний дараа сайд Ч.Хүрэлбаатар намын бүлгүүдэд мэдээлэл өгч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц байдал тогтоосон. Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн хэрэгжүүлж буй төмөр замын төслийн өртөг анх 600 сая ам.доллароос эхэлж, үе шаттайгаар өссөөр 1.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар дурдсан байдаг. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууц гэрээ байгуулж, тендергүйгээр хэрэгжүүлсэн гэх асуудал ч яригдсан. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн оффтейк гэрээ болон нүүрсний асуудлыг шалгах зорилгоор УИХ-аас түр хороо байгуулж, уг хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Гэвч цаашид үйл ажиллагаа нь доголдож, анхаарал сарних нөхцөл үүссэн гэж тухайн үед үзсэн.

Иймд уг түр хороог шинэчилж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ахлуулах нь зүйтэй гэж үзсэн.  Миний бие түүнийг дэмжихдээ Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан туршлага болон шударга ёсны байр суурийг нь харгалзан үзсэн. Үүний дагуу УИХ-ын 63 дугаар тогтоол батлагдаж, нүүрсний сонсгол 9 хоногийн турш зохион байгуулагдсан. Гэвч энэ хугацаанд оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хангалттай хөндөөгүй, мөн валютын нөөцтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг дурдаагүй.

Үргэлжлүүлэн унших

Энэхүү онцлох агуулга нь зөвхөн премиум уншигчдад зориулагдсан болно.

Ганц удаагийн төлөлт
100₮
Таны унших эрх 10 минутын турш хүчинтэй байна.

Танд таалагдах санал